“Бороо” зогсож, “Москвагийн дуу хоолой” замхрав

ОХУ-н Ерөнхийлөгч В.Путин, тус улсын Зэвсэгт хүчний талаар худал мэдээлэл тараавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуульд гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор цөөнгүй мэдээллийн байгууллагууд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь тус улсыг орхиод байгаа. Дождь тв, Эхо Москвы хаагдсан. “Таймс” сонин аюулгүй байдлын учир, “сэтгүүлчдээ тус улсаас эргүүлэн татсан” гэж мэдэгдсэн. Харин ВВС, “шинэ хуулийн үр дагаврыг дотроос нь цаг алдалгүй мэдээлэх нь зүйтэй байгааг” онцлоод, англи хэлээрх үйл ажиллагаагаа өргөжүүлж, үргэлжлүүлэхээр болсон.

Дождь телевизийн Ахлах редактор Тихон Джадко америкийн олон нийтийн суваг PBS болон сэтгүүлч Кристиан Аманпүр нарын хамтарсан төсөл болох ярилцлагын нэвтрүүлгээр зочлохдоо, “арав хоногийн дараа эргээд харахад бид оросоос явсан нь зөв болж. Шинэ хууль батлагдсан. Оросын арми, цэрэг, зэвсэгт хүчний талаарх бүх мэдээллийг хянана гэсэн нь Батлан хамгаалах яамнаас зөвшөөрөөгүй л бол бид юу ч ярих эрхгүй болсон гэсэн үг. Тэнд ердийн ажиллах боломжгүй болсон. Одоо бид болон миний хамтрагчид гадаад орнуудад байна. Бид цаашид хэрхэн амьдрах, ажиллах гээд арга чарга бодож олохоор чармайж байна. Удахгүй дасаад болчих байх. Бид ямар нэг шинэ юм эхлүүлэх болно” гэж ярьжээ.