Украины чөлөөт хэвлэлд зориулсан хандивын аян үргэлжилсээр

Якуб Парусински, хэвлэл мэдээллийн инноваци, бизнесийн чиглэлээр дагнасан The Fix сэтгүүлийн үүсгэн байгуулагч бөгөөд Киев Индэпэндэнт сонины зөвлөх хийдэг. Тэрээр одоо Лондон хотод амьдардаг, Украины хэвлэл мэдээллийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор GoFundMe платформ дээр олон нийтийн хандивын аян өрнүүлж байгаа. Парусински, “Бидний эн тэргүүний зорилт бол Украины бие даасан, ёс зүйтэй хэвлэл мэдээллийн орчныг устахаас хамгаалах явдал. Учир нь түүнийг дахин сэргээн босгох маш хэцүү” гэжээ. Мөн, “Ийм хүнд хэцүү үед улс үндэстний эв нэгдлийг хангахад хүчирхэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж онцолсон байна. Аян 2022 оны 2 дугаар сарын 25-нд 1 сая 200 мянган евро цуглуулах зорилт тавин эхэлсэн. Өнөөдрийн байдлаар \2022.03.13\  1 сая 315 мянга 360 еврогийн санхүүжилт босгоод байна. Киев Индэпэндэнт бол Киев Пост сониноос халагдсан сэтгүүлчдийн үүсгэн байгуулсан нэгдэл бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард байгуулагджээ. “Украинд болж буй үйл явдлыг англи хэл дээр мэдээлэх, итгэж болох сэтгүүл зүйн эх сурвалж хэрэгтэй байгаа учраас бид The ​​Kyiv Independent-ийг нээж байна” хэмээн үүсгэн байгуулагчид нь мэдэгдэж байв.