Украины цагаачид

Таймс сэтгүүл 2022.03.14-21

Зүүн Европын орнууд Украины цагаачдын хөлд дарагдав

Сирет, Румын 

Чарли Кэмпэлл

Жавартай энэ өдрүүдэд бүслэгдсэн хотынхоо гэрээс хамгийн нандин, чухал эд юмсаа боогоод үүрч дүүрсэн дүрвэгсэд аз таарсан нь машинаар, бусад нь явганаар хилийг зүглэжээ. Дайны хөлд нэрвэгдсэн дүрвэгсдийн цуваа шингэрэх янзгүй бөгөөд НҮБ-н тооцоолсоноор 3 сарын 1 гэхэд 660 мянга хүрээд байна. Тэдний хагас нь Польшийн хилийг зорьсон бол үлдсэн нь Румын, Словак, Молдавын хилийг чиглэсэн. Румыны Сиретэд хүүхдүүдээ хөтөлж эсвэл хүүхдийн тэрэг түрсэн эмэгтэйчүүд зөндөө. Тэжээмэл амьтнаа торонд хийж тэвэрсэн нь ч цөөнгүй. 18-60 хүртэлх насны эрчүүд нь 44 сая хүн амтай эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахаар галын шугаман дээр үлджээ. Эрсдэл дунд цагаачилж яваа хүмүүсийн дунд ард үлдсэн дайчиддаа мөнгө илгээх зорилготой яваа хүмүүс ч бий. “Бид Украины армид мөнгө цуглуулж явуулахаар Дани улс руу явж байна. Миний хоёр ах байлдаж байгаа. Тэднийхээ өмнөөс маш их түгшиж байна” гэж хийл хөгжимчин найз залуу болон спаниел үүлдрийн нохой Гаритайгаа яваа Львов хотын оршин суугч, 24 настай, найрал дууны удирдаач Мария Минеева Тайм сэтгүүлийн сурвалжлагчид ярив.

Дүрвэгсдэд таагүй ханддаг үзүүлэлтээрээ тэргүүнд эрэмбэлэгддэг Зүүн Европын орнууд Украины дүрвэгсдийг эв нэгдэлтэйгээр угтан авч буй нь гайхам. Румыны жирийн иргэд хилийн зурвас дахь тоостой зам дээр цуглаад дүрвэгсдийг хоол, ус болон саван, живх барин угтан авч байна. Хуульчид үнэ хөлсгүй цагаачлалын үйлчилгээ үзүүлж, зарим хүмүүс унаа, байр санал болгож байна. “Чадах ядахаараа туслахаар Ботосанид ирлээ. Хүн бүр л нэгдэж байна. Путин бол гэмт хэрэгтэн. Энэ хүмүүс ийм байдалд орох ёсгүй байсан” гэж үл хөдлөх хөрөнгийн зууч ажилтай Даниэл Кондурач ярьжээ.

Мөн Зүүн Европын улсууд баруун Европынхон ялангуяа Герман, Франц, Итали зэрэг Оросын эрчим хүчний хамааралтай орнууд Путины 2008 онд Гүрж рүү дайран орсон, 2014 онд Крымыг нэгтгэсэн зэрэг олон түрэмгийлэлд дорвитой арга хэмжээ авалгүй явж ирсэнд дургүйцдэг. Бухарест хотод төвтэй Глобал Фокус тинк танкын захирал Оана Попеску-Замифир, “Оросын түрэмгийллийг баруун Европын орнууд ноцтойгоор хүлээж авахгүй байх магадлалтай гэж өргөн хүрээнд харж байгаа” гэжээ. Зарим нь аюул заналхийлэлтэй шууд нүүр тулах замыг сонгожээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский 2 дугаар сарын 27-нд гадаадын сайн дурын анги байгуулахаа зарласан.

Румыны Служ хотын их сургуулийн оюутан, 26 настай Войсу Муресану Сиретэд дүрвэгсдийн талаар баримтат дүрс авах зорилготой ирсэн ч дүрвэгсдийн хүнд хэцүү байдлыг хараад буу барихаар шийджээ. “Миний олон найз Украины цэрэгт элсэхээр судалж байна. Би тийшээ явмааргүй байгаа ч… 5 сая хүн нэгдчихвэл дайныг 2 хоногт дуусгах боломж бий.”

Гэхдээ, дүрвэгч бүрт биш

Пркемисл, Польш

Эмми Фэрис-Ротмэн

Грэйс Касс амьдралынхаа гуравны нэгээс илүү хугацаанд Украиныг гэр орноо хэмээн тооцож иржээ. Тэр Ардчилсан Конго Улсаас Харьков хотод инжэнэрийн чиглэлээр суралцахаар ирээд тэндээ үлдэн мэйк ап артистаар ажиллаж байв. Хорин дөрвөн настай бүсгүй орос, украин хэл бага сага сурч, олон найз нөхөдтэй ч болж. Украиныг орхих шаардлага тулгарсан 27-ны өдрийг хүртэл шүү дээ. Харин өнөөдөр олон өнгөт арьснуудын адилаар нэгэн цагт элэгсгээр угтан авсан орон нь өөрсдөөс нь урвасан мэт сэтгэгдэлтэй байна. Галт тэргэнд суухад нь цагаан арьстай эмэгтэйчүүдийг тэдний өмнө оруулан суулгасан төдийгүй хоол ундаар үйлчилж байхад африк хүмүүсийг жавар тачигнасан хүйтэнд гадаа дараалалд зогсоов. “Маш эмгэнэлтэй явдал боллоо” гэж тэр ярьжээ. Украины хүн амын дийлэнх нь цагаан арьстнууд боловч хар болон ази гаралтай украинчууд бас хэдэн мянган гадаад оюутан бий. Непал, Энэтхэг, Сомаличууд гарахынхаа өмнө Украины хамгаалагчдад бороохойдуулж, зодуулсанаа Таймын сурвалжлагчид ярив. Польшийн хилийн хамгаалагч Украины дүрвэгсэд болон гэр орондоо буцаж буй аялагчдад Польшийн хил үндэс угсаа ялгалгүй нээлттэй гэж хэлсэн. Гэвч Прзэмислийн баруун тийш явдаг галт тэргэнд африк, афган хүмүүсийг суулгасангүй. “Харамсалтай нь Украинчууд давуу эрхтэй” гэж Польшийн сайн дурын ажилтан, 30 настай Оскар Броз бичиг баримтаа гээсэн гэх дамжин өнгөрөх галт тэргэнд суух зорилготой гадаадын иргэдэд тайлбарлажээ.

Касс европын франц хэлтэй аль нэг оронд очихыг зорьж байна. Гэвч Харьков хотоо санасан хэвээр. “Тэр бол миний зүгээр нэг хоног төөрүүлж байсан газар биш. Тэнд би амьдралаа бүтээж байсан юм” хэмээн нулимсаа залгин ярьж байна.