Оросын төв телевизийн редактор эфирт эсэргүүцлээ илэрхийлэв

3-р сарын 14-ний орой ОХУ-ын нэгдүгээр сувгийн редактор Марина Овсянникова 21 цагийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн 34 дэх минутад мэдээ уншиж байсан хөтлөгч Екатерина Андреева-гийн араар том хуудас барин эфирт гарч ирээд Украинд болж байгаа дайныг эсэргүүцэж хашгирч эхлэхэд хэдэн секундын дараа өөр сурвалжлага гарч эхэлсэн байна.

Энэ явдлын дагуу цагдаа нар ирж түүнийг саатуулан байцаажээ. Марина Овсянникова эфирт гарахаасаа өмнө өөрийн үйлдлийг тайлбарласан видео бичлэг бэлтгэснээ дараа нь Интернэтээр цацсан байна. Одоохондоо Захиргааны зөрчлийн тухай хуулийн “ОХУ ба түүний иргэдийн эрх ашиг, олон улсын энх тайван ба аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор ОХУ-ын Зэвсэгт хүчнийг ашиглах явдлыг гутаахад чиглэсэн олон нийтийн шинжтэй үйлдэл” заалтыг зөрчсөн үндэслэлээр 30 мянган рублиэр торгуулаад байгаа ч бас эрүүгийн хариуцлагад татаж магадгүй хэмээн таамаглал бас байна. Маргааш нь Францын ерөнхийлөгч Э.Макрон түүнд цагаачлах эрх олгоход бэлэн байна гэж мэдэгджээ. Үйл явдал үргэлжилж байна.

Харин “Время” хөтөлбөрийн хөтлөгч Екатерина Андреева байр сууриа илэрхийлэхдээ, Марина Овсянникова бол урвагч, манай суваг худлаа ярьдаггүй, хэрвээ тэр өөрийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын байр суурийг дэмжихгүй байгаа бол ажлаас гарвал шударга байхсан гэжээ.