“Монголын баялаг – 330”-ын эхлэл

Сүүлийн хэдэн жилийн турш манай телевизийн дэлгэцийг эзэлсэн нэвтрүүлэг бол “Хүрээлэн” төсөл юм. Олон цуврал учраас суваг тус бүрээр үргэлжлэн, дараа дараачийн сувгуудаар ээлжлэн, бас давтан гарсаар сүүлдээ өдий хүрсэн. Тэгвэл 2020 оны 2-р сарын 16-наас дараачийн “салдаггүй” нэвтрүүлэг дэлгэцнээ байраа эзэлж байх шиг. Нэр нь “Монголын баялаг – 330”. Энэ бол Монгол Улсын сумдын нийт тоо бөгөөд сум тус бүрийн нутаг дэвсгэр дэх эртний түүхийн дурсгалууд болох хадны зураг, хүн чулуун, эртний хот суурин, хэрэм, сүм, хийдийн туурь балгас зэргийг танилцуулах, тэгээд дүрслэн үлдээх зорилготой цуврал ажээ. Түүхчид, археологчид тайлбар хийж, бас ус нутгаа сайн мэддэг ахмадууд, хотод суугаа уугуул сэхээтнүүд өвөг дээдсээс сонссон үүх түүх ярьцгаана. МҮОНТ-ээр эхлэн гарч байгаа бол одоо бусад сувгууд ээлж дараалан эхлүүлж байна. Үндсэн агуулга нь тун дажгүй, сонирхолтой танин мэдэхүй, сэтгэл хөдлөм сайхан дүрслэл. Талаар нэг тарсан эртний туурь, эсвэл ганцаар торойх хүн чулууг дрон нисгэсэн өндрөөс анх удаа харж болно.

Гэхдээ мянга, зуун жилийн настай эртний дурсгалын тухай хэрнээ энэ цуврал өнөө цагийн гол баатартай, тэр нь “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор бүтээв” гэж дугаар тус бүрийг эхлүүлээд ханаагүй төгсгөлд нь өөрийн дүрээр гарч үг хэлдэг, бас тэр нь багадаад мэргэн үгийг нь сийлсэн манай Ерөнхийлөгч өөрөө юм. Нэг дугаар – нэг сум. Ингээд тооцоолоход 330 дугаар лав 2025 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл элбэг хүрэлцэнэ.

Хоёр хажуугийн сумыг дарж бусад зургийг үзнэ үү

Энэхүү цувралыг бүтээсэн “Монгол Орны Үзэсгэлэнт Байгаль Түүхэн Дурсгалт Газрууд” (улсын бүртгэлд “Монголын …” гэжээ) ТББ тун саяхан буюу 2021.09.16-нд, бодвол чухам энэ зорилгоор байгуулагджээ.