МҮОНТВ, Амьдралын загвар

“Амьдралын загвар” янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсийн түүхийг хүүрнэдэг МҮОНТВ-н хөрөг бүтээл. Ахлах дэслэгч, орчуулагч, шүхэрчин А.Ануужингийн тухай дугаарыг үзэв. Афганистанд зургаан сар үүрэг гүйцэтгээд ирсэн, эмэгтэй офицерыг сонгосон нь саяхан болж өнгөрсөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, монгол цэргийн өдөр зэрэг баяруудтай холбоотой биз.

Тусгай хувцастай эрэгтэй, эмэгтэй алба хаагч бүр улс орныхоо зэвсэгт хүчний нүүр царай байдаг. Орос, Украины дайны гал авалцсан энэ өдрүүдэд бөөрөнд нь орших өөрийн улсынхаа зэвсэгт хүчний чадал чансааны тухай зурвас боловч бодож эргэцүүлсэн хүн цөөнгүй. Тусгай хувцастай бүсгүйн, “тангараг өргөх үед өөрийн эрхгүй амьсгаа дээшээ гарч ирээд сонин болдог… Ямар нэг юм болоход би хамгийн түрүүнд гараад гүйх ёстой хүн. Түүнийгээ батлан тангараг өргөж байгаа болохоор тэр байх”, “Энгийн хувцаслаад явах, энэ хувцсыг өмсөөд явах хоёр шал өөр”, “Би өөрийгөө л хөгжүүлж чадвал боломжгүй юм гэж байхгүй шүү дээ”. Эдгээр үгс ойрын хэдэн өдрүүдэд Ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүсийн урсгасан уран гоё мэндчилгээ, дүүрэн хүн суулгасан танхимын туг далбаа намируулсан сүрлэг индрээс дарга ангийнхны хэлсэн үгүүдтэй харьцуулахад хүний сэтгэлд илүү ойр тусах, хүчтэй мэссэжүүд байлаа.

Олон нийтийн овоо хараанд үргэлж байдаг ч үйл ажиллагаа нь нууцлаг байх “учиртай” зэвсэгт хүчний салбарт олон нийттэйгээ ойр байх, мэдээллээ түгээж байх, түүнээ зөв оновчтой хүргэх, мэргэжлийн харилцаа эрхлэх зэрэг олон чухал асуудал тулгамдаж буй. Хүн бүр цэрэгт явдаг байсан тэртээ цагт бол цэрэг арми айл бүрийн амьдралын хэсэг байсан нь гарцаагүй. Зэвсэгт хүчин хийгээд иргэний соёл хоёр өнөө цагт хол тусдаа орших болж, бие биенээ бараг мэддэггүй болжээ. Зэвсэгт хүчин чимээгүй эсвэл нууцлаг байж болдог байсан цаг үе ард үлдсэн.

Арилжааны сувгуудын хувьд үзэгчдээ татах л чухал. Орос Украины дайны явцыг барууны том хэвлэлүүд үзэгчдийнхээ тоог өсгөх, хүчин чадлаа харуулах боломж болгож байгааг бүгд л харж байна. Харин цэргийн алба хаагчдынхаа түүх, амжилт ололтоор дамжуулан зэвсэгт хүчнийхээ байр байдлыг таниулах ажлыг олон нийтийн суваг л хийнэ. “Амьдралын загвар” хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас олон нийтийн сувгийн бусдаас ялгагдах нэг чухал онцлог тодорч буйг анзаарна уу.