Телевиз ба урт хурлууд

“Монголын эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээ ирэх 4 дүгээр сарын 07, 08-ний өдрүүдэд болно. Үндсэн арга хэмжээний өмнө  зургаан салбар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Энэ өдрүүдэд MNB, NTV, Тэнгэр ТВ, SBN, ETV зэрэг сувгууд цагаа салбар хэлэлцүүлгийг шууд дамжуулахад зориуллаа. Өчигдөр “Эрчим хүчний сэргэлт” сэдвээр хамгийн эхний урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн бол өнөөдөр “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. MNB энэ өдрийн хувьд усны өдөрт зориулсан хурлыг дамжуулж байна.

“Монголын эдийн засгийн чуулган -2022”-г зохион байгуулах ажлын хэсгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан ахалдаг. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх, Нийслэлийн засаг дарга, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг байгууллагуудын удирдлагууд багтдаг юм байна. Ямар ч гэсэн ажлын хэсгийнхэн урьдчилсан болон үндсэн хлэлцүүлэг нэртэй урт хурлуудаа телевизийн сувгуудаар шууд дамжуулахаар удирдлагуудтай нь гэрээ хийжээ. Чуулганаар улс орны нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай ч нэг л талын дуу хоолой сонсдож байгааг бүгдээрээ харж байна.