ОХУ-ын Элчин сайд үг хэлэх эрхтэй юу?

Сэтгүүлч Т.Болд үүнд хариу болгон, “үгүй үгүй, манай удирдлага өөрсдийн асуултыг урьдчилж явуулаад тохиролцсон юм билээ. Би хүний асуултаар орохгүй л гэсэн юм, тэрнээс тэднийх өгөөгүй. Тэгээд өөр хүн орсон. Ер нь орос нь ч бай, АНУ нь ч бай элчин сайдуудтай ярилцъя гэвэл заавал асуултуудаа урьдчилан тохирч байж хийдэг бололтой юм билээ. Аль 3 дугаар сарын 18-нд н.Клеческитэй хийсэн ярилцлага 12 хоногийн дараа л нэвтрүүлэг болох жишээтэй. Бүх орчуулга тэднийхээр дахин орж хянагддаг юм байна” гэхчлэн жиргэжээ.

Харин парламент ТВ-ийн Ерөнхий редактор З.Боргилмаа өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ, “Хэвлэлийн эрх, эрх чөлөөг Үндсэн хуульдаа тунхагласан ардчилсан Монгол Улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар сэдвийг хөндөн мэдээлэх, тэр тусмаа ямар эх сурвалжтай холбогдох, хэнийг хэзээ урьж ярилцах зэрэг нь редакцийн бодлогын асуудал билээ. Гэтэл Парламент телевиз Оросын Элчин сайдтай ярилцлага хийхээр болсон нь хэсэг хүмүүсийн үзэл бодол, магадгүй ашиг сонирхолд нийцээгүй бололтой байна. Бололтойсох ч юу байх вэ, эргэлзээгүй тодорхойгоор үүнийгээ илэрхийлж буй улстөрчид Мөнхчулууны Зоригт, Санжийн Баяр, Баабар нарт хандан хэлэх үг байна.

Та бүхний хардаж байгаачлан Элчин сайдын өгсөн асуултаар ярилцлага хийх гэж байгаа гэдэг огт худал юм.

Энэ цаг үед ОХУ-аас суугаа Элчин сайдаас юу асуух нь олон нийтэд чухал вэ гэдгийг бид юун түрүүнд эрэмбэлж, асуултаа бэлтгэсэн. Асуултад ямарваа цензур, болзолгүйгээр хариулт өглөө.

ОХУ-ын Украинд явуулж байгаа цэрэг, дайны үйл ажиллагаа, тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ зэрэг асуудлууд Монгол Улсад олон талаар нөлөөлөл үзүүлэх нь ойлгомжтой биз ээ. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ОХУ-ын Элчин сайдтай ярилцах, байр суурь, үзэл бодлыг нь олон нийтэд хүргэх нь сэтгүүл зүйн үүрэг гэж үзэж байгаа болно” гэжээ.

Түүнчлэн, “Бид олон нийтэд үймээн самуун, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал, хагарал хуваагдал, тэр тусмаа дайныг хэзээд сурталчлахгүй. Олон нийтийн, нийгмийн итгэлцэл, амгалан тайван байдал бол бидний эрх ашгийн, үүрэг хариуцлагын нэгдүгээрт бичигддэг юм” хэмээн онцолсон байна.