2022.03.28. “Ажиглагч” подкаст

Өнөөдрийн сэдвүүд:

Нийгмийн сүлжээ, технологийн дэвшлийн нөлөөгөөр үзэгчдийн телевиз үзэх хэв маягт өөрчлөлт гарч байна. Үүний нэг илрэл бол сонин хэвлэлд телевизийн хөтөлбөр нийтлэгдэхээ больж ганцхан сонин үлдсэн явдал юм.

Украинд болж байгаа дайны ажиллагаа биднээс хол боловч цуурай нь монголын нийгмийн идэвхтэй хэсгийг хоёр хуваалаа. Украиныг дэмжсэн талынхан тоогоор хавьгүй илүү, идэвхтэй, жагсаал цуглаан хүртэл хийснээс гадна нийгмийн сүлжээнд тэдний оруулж байгаа бичлэгүүд улам ширүүн, дайнч хэвээрээ байна.

Сүүлийн хэдэн сард телевизийн салбарт чухал үйл явдлууд өрнөлөө. Монголын топ компани MCS өөрийн Central хэмээх телевизтэй болж хэд хэдэн компани хамтран “Тэнгэр” телевиз байгуулан хувьцааг гарган арилжаалж эхэллээ. Үүний зэрэгцээ шинэ содон нэвтрүүлгүүд зөндөө болжээ. Зарим нэгийг онцлов.

Eagle News-ийн часхийсэн “Тойм”

Хоёр оны зааг дээр Eagle News телевизийн мэдээллийн хөтөлбөр дундуур “Тойм” нэртэй булан (урьд нь байсан эсэхийг бид санахгүй байна)-г сэтгүүлч Г.Байгал гялалзтал хөтөлж эхэлснийг үзэгчид анзаарсан байх. Монголын койны зах зээлийг тоймлохдоо, тэр мөнгө таны халааснаас гарна шүү гэсэн санаагаа халаасаа тэмтэрч тодруулсныг санаж байна. Хөтлөгчийн авъяастай нэгэн. Анх “Эдийн засгийн тоймч” гэж титрт бичигдэж байсан бол одоо зүгээр л “Тоймч” болсон. Өчигдөр (3-р сарын 18) цэргийн баярын өдөрт зориулсан Монгол Улсын энхийн сахиулагчдын тухай тоймоо хал балгүй хэдэн тооноос эхэлснээ олон улсын энэхүү үйл ажиллагаанд оролцсоны төлөө НҮБ-ээс авдаг их хэмжээний төлбөрийн хуваарилалт, цэргийн албан хаагчдад хэр хэмжээтэй ногддог, үлдсэнийг нь Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх санд байршуулаад хэрхэн зарцуулж ирсний мөрөөр ороод явчихав. Г.Байгаль энэ талаар Батлан хамгаалах яамнаас мэдээлэл авах гэж албан бичгээр хүртэл хандсан боловч өгөөгүй тул Шилэн дансыг ухаж дэлгэсэн байна…

Хоёр хажуугийн сумыг дарж бусад зургийг үзнэ үү

“… хамтын зохион байгуулагч”

Хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг бол үйл явдлаас эхлээд үзэл бодлыг мэдээлж түгээх. Сэтгүүлчид мэдээ, сурвалжлага, тойм тайлбараа “Бид бодит байдлыг ил болгож танд хүргэлээ. Ямар дүгнэлт хийхийг танд үлдээе” гэж уншигч, үзэгч, сонсогчддоо хандан төгсгөх нь элбэг байдаг. Тэгвэл одоо нийтэлж нэвтрүүлээд орхихгүй цааш үргэлжлүүлээд хөөцөлддөг болсон байна. Тухайлбал Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, “Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар санаачлан 2022 оны 2-р сарын 11-нд Хөгжлийн банкны төлөгдөөгүй зээлийн асуудлаар “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн зохион байгуулж УИХ-ын гишүүдээс эхлээд сайд дарга нар, банкны удирдлага, олон нийтийг доргиосон бол түүнээс хойш өгсөн амлалтуудын биелэлт хангалтгүй буюу зээлийн эргэн төлөлт маш бага, хэнтэй ч хариуцлага тооцоогүй байгаа тул 3-р сарын 18-ны өдөр тэр хоёр дээр Монгол HD TV, Өрөг.мн сайт, ТМ телевиз, UBN.mn сайт, Isee.mn сайт, ТВ5 телевизийн сэтгүүлчид нэмж нэгдэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлсэн байна.

Өмнөх үеийн сэтгүүл зүйд “Сонин бол хамтын суртал нэвтрүүлэгч, хамтын ухуулагч төдийгүй хамтын зохион байгуулагч” болох тухай нэг зарчим байсан …

“Монголын баялаг – 330”-ын эхлэл

Сүүлийн хэдэн жилийн турш манай телевизийн дэлгэцийг эзэлсэн нэвтрүүлэг бол “Хүрээлэн” төсөл юм. Олон цуврал учраас суваг тус бүрээр үргэлжлэн, дараа дараачийн сувгуудаар ээлжлэн, бас давтан гарсаар сүүлдээ өдий хүрсэн. Тэгвэл 2020 оны 2-р сарын 16-наас дараачийн “салдаггүй” нэвтрүүлэг дэлгэцнээ байраа эзэлж байх шиг. Нэр нь “Монголын баялаг – 330”. Энэ бол Монгол Улсын сумдын нийт тоо бөгөөд сум тус бүрийн нутаг дэвсгэр дэх эртний түүхийн дурсгалууд болох хадны зураг, хүн чулуун, эртний хот суурин, хэрэм, сүм, хийдийн туурь балгас зэргийг танилцуулах, тэгээд дүрслэн үлдээх зорилготой цуврал ажээ. Түүхчид, археологчид тайлбар хийж, бас ус нутгаа сайн мэддэг ахмадууд, хотод суугаа уугуул сэхээтнүүд өвөг дээдсээс сонссон үүх түүх ярьцгаана. МҮОНТ-ээр эхлэн гарч байгаа бол одоо бусад сувгууд ээлж дараалан эхлүүлж байна. Үндсэн агуулга нь тун дажгүй, сонирхолтой танин мэдэхүй, сэтгэл хөдлөм сайхан дүрслэл. Талаар нэг тарсан эртний туурь, эсвэл ганцаар торойх хүн чулууг дрон нисгэсэн өндрөөс анх удаа харж болно.

Гэхдээ мянга, зуун жилийн настай эртний дурсгалын тухай хэрнээ энэ цуврал өнөө цагийн гол баатартай, тэр нь “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор бүтээв” гэж дугаар тус бүрийг эхлүүлээд ханаагүй төгсгөлд нь өөрийн дүрээр гарч үг хэлдэг, бас тэр нь багадаад мэргэн үгийг нь сийлсэн манай Ерөнхийлөгч өөрөө юм. Нэг дугаар – нэг сум. Ингээд тооцоолоход 330 дугаар лав 2025 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл элбэг хүрэлцэнэ.

Хоёр хажуугийн сумыг дарж бусад зургийг үзнэ үү

Энэхүү цувралыг бүтээсэн “Монгол Орны Үзэсгэлэнт Байгаль Түүхэн Дурсгалт Газрууд” (улсын бүртгэлд “Монголын …” гэжээ) ТББ тун саяхан буюу 2021.09.16-нд, бодвол чухам энэ зорилгоор байгуулагджээ.

Алдаа

2022 оны 3-р сарын 14-нд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Л.Оюунаа Олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт ярилцлага өгөхдөө “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна” гэж мэдэгджээ. Энэ шал худлаа, том эндүүрэл болохыг үзэгчдээс эхлээд бусад сэтгүүлч, судлаачид дор нь илчилж шүүмжилсэн нь мэдээж. ДЭМБ-ийн судалгаагаар ийм насны хүүхдийн 100 нас баралтын 11,6 нь амиа хорлолт гэсэн тоо байдаг аж. Бас ямар хугацаанд гэдэг нь, мөн нийт тоон үзүүлэлтгүй учраас манайд 10-15 насны хүүхдүүд зуу зуугаараа нас барж, амиа хорлоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ.

Харин Л.Оюунаа хатагтай гаргасан алдаагаа, бас “Монголын мэдээ” агентлаг энэ алдааг (редакторууд нь хаана байв?) хэзээ яаж залруулсан нь тухай мэдээлэл алга. Бүгд хүлээж байна. Тийм соёл тогтох ёстой.

“Гоожингийн өндөр” цухуйх төдий …

Энэ барилгыг Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулжээ. Оросын Сангийн яамны төлөөлөгч С.А.Козин энд ажиллаж байсан тул “Гоожингийн өндөр” гэж нэрлэгдэх болсон. 1920 онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорьж байсан гэдэг. Хамгийн сүүлд 1980-1990-ээд онд Санхүү, эдийн засгийн техникум, дээд сургуулийн мэдэлд, дотуур байр байсан түүхтэй.

Чулуун суурьтай, дүнзэн ханатай, цонх, шат, дээврийн зах хүрээг үндэсний хээ угалз бүхий хээгээр эмжээрлэсэн, тухайн үедээ Нийслэл хүрээний маш гоёмсог барилга байжээ. Зах зээлийн үед хувьчлагдан нурахын даваан дээр олон нийтийн шаардлагаар 2021 онд нийслэл Улаанбаатар хотын хамгаалалтад аваад байна. Сэргээхээр амалсан.

Эргэн тойрныг нэг метр ч зай үлдээхгүйгээр газрын авлигачид өгч авалцсанаас болж орон сууцуудаар бүслэгдэж дөрвөн талаасаа цухайх төдий харагддаг.

Continue reading

“Мариуполь хотын төрөх эмнэлэг бөмбөгдүүлсэн”

Украины зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотын төрөх эмнэлгийг оросууд бөмбөгдсөний улмаас 17 хүн шархадсан, энэ бол геноцид гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдээд байна.

Их Британийн өдөр тутмын сонинуудад энэ тухай сэтгэл өвтгөм сурвалжлага, бөмбөгдөлтөөс амьд үлдсэн эмэгтэйг дамнуурган дээр авч яваа, бас хөнжлөө тэврээд өөрөө зогсож байгаа зургийг нийтэлжээ. Таймс сонин гурван хүн, нэг нь хүүхэд алагдсан гэж бүр илүүг бичсэн байна.

Харин Оросын тал үүнийг няцааж Украинд байлдааны ажиллагаа эхэлмэгц “Азов” зэвсэгт бүлэглэл уг эмнэлгийг хааж, эмч нарыг хөөж гаргаад дээвэр дээр галын цэгүүдийг байгуулсан, хэрвээ агаарын бөмбөг хаясан бол эмнэлгээс юу ч үлдэхгүй байсан, тэгэхээр украинчууд өөрсдөө дэлбэлэлтийг зохион байгуулсан төдийгүй бьюти-блогчин Марианна Подгурская гэх эмэгтэй (үнэхээр жирэмсэн)-г тоглуулж сурталчилгааны зураг авалт хийсэн гэж нотлоод байна. Хэрвээ өөр хүмүүс амь насаа алдсан, олон хүн шархадсан бол нэг бүрчлэн үзүүлж харуулах байсан гэжээ.

Мэдээллийн дайн: Украин

2022.03.01.

Оросын цэрэг Украинд цөмрөн орж зарим нь дайн хэмээн нэрлэж байгаа байлдаан тулаан зургаадахь хоногтоо үргэлжилж байна. Үүний хажуугаар, яг зэрэгцээд аль хэдийнэ хил хязгааргүй болсон өргөн нэвтрүүлэг, цахим ертөнцөд бас нэг дайн өрнөлөө. Энэ бол мэдээллийн дайн. Дэлхий нийт хоёр хуваагджээ. Нэг талд Украин ба түүнийг дэмжиж байгаа барууны орнууд тэр чигээрээ, нөгөө талд Орос ганцаараа. Дайны хажуугаар дажин гэгчээр монголчууд Украины асуудлаар дотроо нийгмийн сүлжээгээр үзэж тарах боллоо…

Д.Цэрэнжав | С.Энхцэцэг

Хэвлэл мэдээллээр юу байна?

2022.02.18.

Сүүлийн хэдэн өдөр манай хэвлэл мэдээллийн салбарт анхаарал татсан хоёр үйл явдал болж тэр дороо нийгэмд давалгаа үүсгэлээ. Нэг нь хөшин төр засаг, хуулийн байгууллагын машиныг хөдөлгөөнд оруулсан бол нөгөө нь олон нийтийг хоёр хувааж орхив. Цахим ертөнцөөр дүүрэн маргаан, хэлэлцүүлэг …

Д.Цэрэнжав | С.Энхцэцэг

Ковидын сургамж

2022.02.11.

Өнөөдөр омикрон гэгч ковидын ээлжит хувилбар ид давалгаалж байгаа ч бид эхний үе шиг айж сандрах багасч, өөрийгөө, гэр бүлээ хамгаалах дадалтай болж, үндсэндээ тахалтай зэрэгцэн амьдрахаар шулууджээ. Цар тахал олон сургамжийг үлдээж амжаад байна. Юуны өмнө, улс орны Засгийн газрууд, олон улсын байгууллагууд гэнэтийн том асуудал тулгарахад ихэнхдээ бэлтгэлгүй, удирдах чадваргүй байдгийг бид олж мэдлээ. Манайх гэхэд улс төрийн сонгуулийн үед оноо авах кампанит ажил шигээ зохион байгуулах гэж оролдсон. Өнөө ч түүнээсээ салж чадаагүй байна…

С.Энхцэцэг

Цагаан сарын телевиз

2022.02.08.

Сар шинээр аль болох гэр гэртээ шинэлж золгохыг Улсын онцгой комиссоос уриалсан учраас бид голдуу гэртээ сууж телевизийн дэлгэц ширтэн, цагаан сарын барилдаан, төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнээс эхлээд баярын хошин шог хөтөлбөр, хуучны болоод шинэ цагийн уран сайхан кино контентуудыг хангалттай үзэж харсан байх учиртай. Яг юу үзчихэв ээ?

Д.Цэрэнжав | С.Энхцэцэг

Гитар

2022.02.06.

С.Энхцэцэг

Энэ гитарыг Сараево хотын “Хүүхдүүд дайны үед” музейд харсан юм. Босни ба Херцоговини улсын Сараево хот 1992-1996 оны Боснийн дайны жилүүдэд 1425 хоног бүслэлтэд байж. Дайны үеийн хүүхдүүд гэртээ эсвэл хоргодох байранд өдөр хоногуудыг өнгөрөөхдөө юу эсийг хийх.

Яг тэр жилүүдэд манай улсад дайн болж байгаагүй ч, нийгмийн шилжилтийн хүнд үеийг туулж байлаа. Оюутны байранд ходоод нь хонхолзсон залуус ийм шар гитар барьсан нэгнээ тойрон сууж, гэгэлгэн дуу дуулцгаадагсан. Хамгийн сайхан нь бүгдээрээ ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлнө. Улс орноо бар улс болно, өөрсдөө дуртай мэргэжлээ эзэмшинэ, машин байшинтай болно, амьдрал сайхан болно гэж итгэдэг байв.

Жаран буюу 30+30

2022.02.05.

Хэдхэн хоногийн дараа XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жил гарна. Тийм ээ, арван долдугаар жаран! Цаг тоолол сөхвөөс, бидний энэ жаран 1987 онд эхэлсэн бөгөөд 2047 онд дуусах ажээ. Одоо тэнхлэгээ даваад урагшилж байна. Эхний гучин жил нь хэдийнэ ард хоцорч, дараачийн гучин жилийг бид туулж явна.

Д.Цэрэнжав | С.Энхцэцэг