ОХУ-ын Элчин сайд үг хэлэх эрхтэй юу?

Парламент телевиз “Ярих өнцөг” нэвтрүүлэгтээ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд И.К.Азизовыг зочноор урьжээ. Гэтэл иргэн М.Зоригт, “Оросын ЭСЯ-наас Азизовтой зөвхөн тэдний бэлдсэн асуултыг тавих шаардлага тавьсан учир сэтгүүлч Товуугийн Болд Оросын элчин сайдтай ярилцлага хийхээс татгалзсан байна, Гэвч Оросын талын нөхцлөөр ярилцлага хийх өөр сэтгүүлч гараад ирсэн гэнэ. Парламентын телевиз болиоч дээ!” хэмээн жиргэсэн нь нийгмийн сүлжээнд шуугиан тарьж олон хүнийг бухимдуулж, талцуулжээ.

Телевиз ба урт хурлууд

“Монголын эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээ ирэх 4 дүгээр сарын 07, 08-ний өдрүүдэд болно. Үндсэн арга хэмжээний өмнө  зургаан салбар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Энэ өдрүүдэд MNB, NTV, Тэнгэр ТВ, SBN, ETV зэрэг сувгууд цагаа салбар хэлэлцүүлгийг шууд дамжуулахад зориуллаа. Өчигдөр “Эрчим хүчний сэргэлт” сэдвээр хамгийн эхний урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн бол өнөөдөр “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. MNB энэ өдрийн хувьд усны өдөрт зориулсан хурлыг дамжуулж байна.

“Монголын эдийн засгийн чуулган -2022”-г зохион байгуулах ажлын хэсгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан ахалдаг. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх, Нийслэлийн засаг дарга, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг байгууллагуудын удирдлагууд багтдаг юм байна. Ямар ч гэсэн ажлын хэсгийнхэн урьдчилсан болон үндсэн хлэлцүүлэг нэртэй урт хурлуудаа телевизийн сувгуудаар шууд дамжуулахаар удирдлагуудтай нь гэрээ хийжээ. Чуулганаар улс орны нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай ч нэг л талын дуу хоолой сонсдож байгааг бүгдээрээ харж байна.

МҮОНТВ, Амьдралын загвар

“Амьдралын загвар” янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсийн түүхийг хүүрнэдэг МҮОНТВ-н хөрөг бүтээл. Ахлах дэслэгч, орчуулагч, шүхэрчин А.Ануужингийн тухай дугаарыг үзэв. Афганистанд зургаан сар үүрэг гүйцэтгээд ирсэн, эмэгтэй офицерыг сонгосон нь саяхан болж өнгөрсөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, монгол цэргийн өдөр зэрэг баяруудтай холбоотой биз.

Тусгай хувцастай эрэгтэй, эмэгтэй алба хаагч бүр улс орныхоо зэвсэгт хүчний нүүр царай байдаг. Орос, Украины дайны гал авалцсан энэ өдрүүдэд бөөрөнд нь орших өөрийн улсынхаа зэвсэгт хүчний чадал чансааны тухай зурвас боловч бодож эргэцүүлсэн хүн цөөнгүй. Тусгай хувцастай бүсгүйн, “тангараг өргөх үед өөрийн эрхгүй амьсгаа дээшээ гарч ирээд сонин болдог… Ямар нэг юм болоход би хамгийн түрүүнд гараад гүйх ёстой хүн. Түүнийгээ батлан тангараг өргөж байгаа болохоор тэр байх”, “Энгийн хувцаслаад явах, энэ хувцсыг өмсөөд явах хоёр шал өөр”, “Би өөрийгөө л хөгжүүлж чадвал боломжгүй юм гэж байхгүй шүү дээ”. Эдгээр үгс ойрын хэдэн өдрүүдэд Ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүсийн урсгасан уран гоё мэндчилгээ, дүүрэн хүн суулгасан танхимын туг далбаа намируулсан сүрлэг индрээс дарга ангийнхны хэлсэн үгүүдтэй харьцуулахад хүний сэтгэлд илүү ойр тусах, хүчтэй мэссэжүүд байлаа.

Олон нийтийн овоо хараанд үргэлж байдаг ч үйл ажиллагаа нь нууцлаг байх “учиртай” зэвсэгт хүчний салбарт олон нийттэйгээ ойр байх, мэдээллээ түгээж байх, түүнээ зөв оновчтой хүргэх, мэргэжлийн харилцаа эрхлэх зэрэг олон чухал асуудал тулгамдаж буй. Хүн бүр цэрэгт явдаг байсан тэртээ цагт бол цэрэг арми айл бүрийн амьдралын хэсэг байсан нь гарцаагүй. Зэвсэгт хүчин хийгээд иргэний соёл хоёр өнөө цагт хол тусдаа орших болж, бие биенээ бараг мэддэггүй болжээ. Зэвсэгт хүчин чимээгүй эсвэл нууцлаг байж болдог байсан цаг үе ард үлдсэн.

Арилжааны сувгуудын хувьд үзэгчдээ татах л чухал. Орос Украины дайны явцыг барууны том хэвлэлүүд үзэгчдийнхээ тоог өсгөх, хүчин чадлаа харуулах боломж болгож байгааг бүгд л харж байна. Харин цэргийн алба хаагчдынхаа түүх, амжилт ололтоор дамжуулан зэвсэгт хүчнийхээ байр байдлыг таниулах ажлыг олон нийтийн суваг л хийнэ. “Амьдралын загвар” хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас олон нийтийн сувгийн бусдаас ялгагдах нэг чухал онцлог тодорч буйг анзаарна уу.

Eagle News-ийн часхийсэн “Тойм”

Хоёр оны зааг дээр Eagle News телевизийн мэдээллийн хөтөлбөр дундуур “Тойм” нэртэй булан (урьд нь байсан эсэхийг бид санахгүй байна)-г сэтгүүлч Г.Байгал гялалзтал хөтөлж эхэлснийг үзэгчид анзаарсан байх. Монголын койны зах зээлийг тоймлохдоо, тэр мөнгө таны халааснаас гарна шүү гэсэн санаагаа халаасаа тэмтэрч тодруулсныг санаж байна. Хөтлөгчийн авъяастай нэгэн. Анх “Эдийн засгийн тоймч” гэж титрт бичигдэж байсан бол одоо зүгээр л “Тоймч” болсон. Өчигдөр (3-р сарын 18) цэргийн баярын өдөрт зориулсан Монгол Улсын энхийн сахиулагчдын тухай тоймоо хал балгүй хэдэн тооноос эхэлснээ олон улсын энэхүү үйл ажиллагаанд оролцсоны төлөө НҮБ-ээс авдаг их хэмжээний төлбөрийн хуваарилалт, цэргийн албан хаагчдад хэр хэмжээтэй ногддог, үлдсэнийг нь Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх санд байршуулаад хэрхэн зарцуулж ирсний мөрөөр ороод явчихав. Г.Байгаль энэ талаар Батлан хамгаалах яамнаас мэдээлэл авах гэж албан бичгээр хүртэл хандсан боловч өгөөгүй тул Шилэн дансыг ухаж дэлгэсэн байна…

Хоёр хажуугийн сумыг дарж бусад зургийг үзнэ үү

“… хамтын зохион байгуулагч”

Хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг бол үйл явдлаас эхлээд үзэл бодлыг мэдээлж түгээх. Сэтгүүлчид мэдээ, сурвалжлага, тойм тайлбараа “Бид бодит байдлыг ил болгож танд хүргэлээ. Ямар дүгнэлт хийхийг танд үлдээе” гэж уншигч, үзэгч, сонсогчддоо хандан төгсгөх нь элбэг байдаг. Тэгвэл одоо нийтэлж нэвтрүүлээд орхихгүй цааш үргэлжлүүлээд хөөцөлддөг болсон байна. Тухайлбал Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, “Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар санаачлан 2022 оны 2-р сарын 11-нд Хөгжлийн банкны төлөгдөөгүй зээлийн асуудлаар “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн зохион байгуулж УИХ-ын гишүүдээс эхлээд сайд дарга нар, банкны удирдлага, олон нийтийг доргиосон бол түүнээс хойш өгсөн амлалтуудын биелэлт хангалтгүй буюу зээлийн эргэн төлөлт маш бага, хэнтэй ч хариуцлага тооцоогүй байгаа тул 3-р сарын 18-ны өдөр тэр хоёр дээр Монгол HD TV, Өрөг.мн сайт, ТМ телевиз, UBN.mn сайт, Isee.mn сайт, ТВ5 телевизийн сэтгүүлчид нэмж нэгдэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлсэн байна.

Өмнөх үеийн сэтгүүл зүйд “Сонин бол хамтын суртал нэвтрүүлэгч, хамтын ухуулагч төдийгүй хамтын зохион байгуулагч” болох тухай нэг зарчим байсан …

“Монголын баялаг – 330”-ын эхлэл

Сүүлийн хэдэн жилийн турш манай телевизийн дэлгэцийг эзэлсэн нэвтрүүлэг бол “Хүрээлэн” төсөл юм. Олон цуврал учраас суваг тус бүрээр үргэлжлэн, дараа дараачийн сувгуудаар ээлжлэн, бас давтан гарсаар сүүлдээ өдий хүрсэн. Тэгвэл 2020 оны 2-р сарын 16-наас дараачийн “салдаггүй” нэвтрүүлэг дэлгэцнээ байраа эзэлж байх шиг. Нэр нь “Монголын баялаг – 330”. Энэ бол Монгол Улсын сумдын нийт тоо бөгөөд сум тус бүрийн нутаг дэвсгэр дэх эртний түүхийн дурсгалууд болох хадны зураг, хүн чулуун, эртний хот суурин, хэрэм, сүм, хийдийн туурь балгас зэргийг танилцуулах, тэгээд дүрслэн үлдээх зорилготой цуврал ажээ. Түүхчид, археологчид тайлбар хийж, бас ус нутгаа сайн мэддэг ахмадууд, хотод суугаа уугуул сэхээтнүүд өвөг дээдсээс сонссон үүх түүх ярьцгаана. МҮОНТ-ээр эхлэн гарч байгаа бол одоо бусад сувгууд ээлж дараалан эхлүүлж байна. Үндсэн агуулга нь тун дажгүй, сонирхолтой танин мэдэхүй, сэтгэл хөдлөм сайхан дүрслэл. Талаар нэг тарсан эртний туурь, эсвэл ганцаар торойх хүн чулууг дрон нисгэсэн өндрөөс анх удаа харж болно.

Гэхдээ мянга, зуун жилийн настай эртний дурсгалын тухай хэрнээ энэ цуврал өнөө цагийн гол баатартай, тэр нь “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор бүтээв” гэж дугаар тус бүрийг эхлүүлээд ханаагүй төгсгөлд нь өөрийн дүрээр гарч үг хэлдэг, бас тэр нь багадаад мэргэн үгийг нь сийлсэн манай Ерөнхийлөгч өөрөө юм. Нэг дугаар – нэг сум. Ингээд тооцоолоход 330 дугаар лав 2025 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл элбэг хүрэлцэнэ.

Хоёр хажуугийн сумыг дарж бусад зургийг үзнэ үү

Энэхүү цувралыг бүтээсэн “Монгол Орны Үзэсгэлэнт Байгаль Түүхэн Дурсгалт Газрууд” (улсын бүртгэлд “Монголын …” гэжээ) ТББ тун саяхан буюу 2021.09.16-нд, бодвол чухам энэ зорилгоор байгуулагджээ.

Алдаа

2022 оны 3-р сарын 14-нд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Л.Оюунаа Олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт ярилцлага өгөхдөө “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна” гэж мэдэгджээ. Энэ шал худлаа, том эндүүрэл болохыг үзэгчдээс эхлээд бусад сэтгүүлч, судлаачид дор нь илчилж шүүмжилсэн нь мэдээж. ДЭМБ-ийн судалгаагаар ийм насны хүүхдийн 100 нас баралтын 11,6 нь амиа хорлолт гэсэн тоо байдаг аж. Бас ямар хугацаанд гэдэг нь, мөн нийт тоон үзүүлэлтгүй учраас манайд 10-15 насны хүүхдүүд зуу зуугаараа нас барж, амиа хорлоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ.

Харин Л.Оюунаа хатагтай гаргасан алдаагаа, бас “Монголын мэдээ” агентлаг энэ алдааг (редакторууд нь хаана байв?) хэзээ яаж залруулсан нь тухай мэдээлэл алга. Бүгд хүлээж байна. Тийм соёл тогтох ёстой.

Цагаан сарын телевиз

2022.02.08.

Сар шинээр аль болох гэр гэртээ шинэлж золгохыг Улсын онцгой комиссоос уриалсан учраас бид голдуу гэртээ сууж телевизийн дэлгэц ширтэн, цагаан сарын барилдаан, төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнээс эхлээд баярын хошин шог хөтөлбөр, хуучны болоод шинэ цагийн уран сайхан кино контентуудыг хангалттай үзэж харсан байх учиртай. Яг юу үзчихэв ээ?

Д.Цэрэнжав | С.Энхцэцэг